СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол мөрөн, нуурын мөс хэврэгшсэн учир дээгүүр явбал цөмрөх аюултай
Хөвсгөл аймгийн Шуурхай штабын ээлжит 2-р хуралдаан болж гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо.
Тус аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн мөсөн бүрхүүлийн зузаан нимгэрч байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглов.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуураас усжих Эгийн гол, Хатгал тосгон болон Эрдэнэбулган сум орчимд битүү мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болсон байна. Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд Хатгал тосгон болон Ханх сум орчимд мөсний зузаан 120 см олон жилийн дунджийн орчим байна.
Цаг агаар дулаарч буйтай холбогдуулан томоохон гол мөрнүүдийн нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний нягт багасаж, хэврэгшин мөсний зузаан нимгэрч байгаа тул нийт ард иргэд малчид тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байлаа.